top of page

Өчигдөр Британийн аралд анх удаа Цельсийн 40 хэм давсан халалт бүртгэгдэв


Их Британи улсад өчигдөр агаарын температур түүхэн дээд хэмжээндээ хүрч халжээ.

2019 онд тус улсад Цельсийн 38.7 хэм хүрсэн нь хамгийн өндөр халалт байсан юм. Тэгвэл Мягмар гарагт Британи арлын нийт 34 хэсэгт үүнийг давж халсан байна.

Тухайлбал Английн Линкольн гүнлэгийн Конингсби хотод Цельсийн 40.3 хэм хүрсэн нь шинэ дээд үзүүлэлт болжээ.

Түүхэнд байгаагүй их халалтын үеэр Английн олон бүс нутагт гал түймэр гарсан байна. Төмөр зам халж, гажсанаас галт тэрэгний зарим чиглэлүүд үйлчилгээгээ зогсоожээ.

Лондон хотын хэд хэдэн хэсэгт гарсан түймрийг унтраахаар олон зуун гал сөнөөгч дайчлагдсан байна.

Нэгэн гал сөнөөгч нөхцөл байдлыг “жинхэнэ там” гэж тодорхойлжээ. Их Британийн дотоод хэргийн сайд Прити Пател гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ ард иргэдэд онцгой байдлын албаны өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхааруулсан байна.

Лондон хотын Хитроу олон улсын нисэх буудалд өчигдөр үд дунд Цельсийн 40.2 хэм хүрсэн нь 40 хэмээс давсан анхны тохиолдол болжээ.

Үдээс хойш нь Английн өөр хэд хэдэн газарт 40 хэм давж халсан байна. Британи арлын хамгийн сэрүүн бүс нутаг болох Шотландад өчигдөр Цельсийн 34.8 хэм хүрсэн нь 2003 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлт 32.9 хэмээс хол давсан тохиолдол болжээ.

Британийн цаг уурын хүрээлэнгийн шинжлэх ухаан, технологийн албаны дарга, профессор Стивен Белчер тус улсад 40 хэм давж халах нь хэвийн уур амьсгалтай нөхцөлд байж боломгүй үзэгдэл гэж хэлсэн байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас өмнө нь төсөөлж байгаагүй зүйл бодитой болсныг тэр хэлжээ.

Хэрвээ агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ буурахгүй бол цаашдаа гурван жил тутамд ийм гамшиг тохиолддог болохыг профессор анхааруулжээ.

Хүн төрөлхтөн сүүлийн 125,000 жилд үзээгүй халуун цаг агаартай нөхцөлд амьдарч байгааг НҮБ-ын дэргэдэх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн Газар Хоорондын Мэргэжилтний Зөвлөл өмнө нь мэдээлсэн юм.

0 comments

コメント


bottom of page