Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Монгол Улсын 2025 оны төсөв батлах тухай 1.7-ын 1.1 дээр эрчим хүчний өртгийг өсгөх, цахилгааны тарифыг 64 хуваарь, дулааны үнийг 28 хуваарь өсгөнө гэсэн байгаа. Энэ ганц Б.Чойжилсүрэн сайдын асуудал биш. Бүх гишүүд энэ асуудалд анхаарлаа хандуулаач. Иргэд энэ дулаан, цахилгааны өсөлтийг даах юм уу. Ард иргэд, аж үйлдвэрлэгчид энэ өсөлтөд элгээрээ хэвтэх магадлалтай. Энэ эрсдэлийг судалсан юм уу. Би энийг эсэргүүцээгүй. Гол нь иргэд өсөлтийг даах юм уу. Шат дараалалтай явж болоогүй юу. Эрчим хүчний будилаантай тендерийн асуудлаа шийдэхгүйгээр мөнгөний дарамтыг ААН, ард иргэдийн нуруун дээр тавьж болж байгаа юм уу. Цахилгааны үнэ өссөнөөр талхнаас эхлээд бүх барааны үнэ өснө. Энэ талын судалгааг хийсэн үү?
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-С.Ганбаатар гишүүнтэй санал нийлж байгаа. Бид цахилгаан, дулааны үнэ нэмэхтэй холбоотой асуудлаар хувийн хэвшил болон иргэдтэй зөвлөлдөх ёстой. Мөн бага багаар нэмэх ёстой гэдэгтэй санал нийлнэ. Үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс гадна бид бас төсөв хэлэлцэх ёстой. Төсөв дээр татаасны асуудал. Үнэ нэмэгдүүлж буй асуудлууд орсон байгаа. Яг өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар 47 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Алдагдлыг менежментийг нь сайжруулах замаар болон компаниудыг нь нийлүүлэх замаар шийдвэрлэх боломж бий гэж харж байгаа. Өнөөдөр Монгол Улсаас бусад бүх орон гол түүхий эдтэйгээ цахилгаан үйлдвэрлэгч нь нэг компанийн бүтцээр ажилладаг. Манайх шиг тус тусдаа бүтцээр ажиллуулдаг улс ховор. Тиймээс алдагдал, хулгай байдаг байх. Төсөв хэлэлцэж байгаа энэ үед Б.Чойжилсүрэн сайдаас тайлбар болон нарийн мэдээллүүдийг нь авах ёстой.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Харамсалтай нь эрчим хүчний үнэ тариф сүүлийн 30 жилийн хугацаанд үе үеийн дарга нар нь нэмэгдүүлэхгүй явсаар байгаад таны хэлээд байгаа хүндрэлүүд үүссэн. 1.8 их наяд төгрөгийн урт хугацаатай зээл байгаа нь үнэн. Яг өнөөдрийн байдлаар 539.6 тэмбум төгрөгийн богино хугацааны өр төлбөртэй байгаа нь бас үнэн. 285 төгрөгөөр үйлдвэрлээд, дамжуулаад, түгээж, хангах зардал гарч байгаа гэсэн үг. Бид иргэдэд 140 төгрөгөөр борлуулж байгаа нь бас үнэн. Улаанбаатар хотын дулаан хангамжийн тухайд айл өрхүүдийн 1 мкв-ыг бид 506 төгрөгөөр борлуулж байгаа. Яг өөрийнх нь өртөг 1300 орчим төгрөгтэй байна. Янз бүрийн шалтгаанууд бий. Зовлон яриад байвал, яриад л байна.
Цахилгаан эрчим хүчээ тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхгүй бол одоо байгаа дулаанд холбогдсон айлууд нь холбогдоод, гэр хороололд байгаа айлуудыг гэр хороололдоо бай. Нэмэлт дулаан, цахилгаан эрчим хүчинд холбохгүй. Бусад салбаруудыг дэмжихгүй боомилно гэх шийдвэрийн өмнө ирчихээд байна. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын дулаан, улсын хэмжээнд эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэх талаар Эрчим хүчний үндэсний хороонд танилцуулга хийнэ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Энэ асуудал дээр ажлын хэсэг, салбарын сайд зөв ойлголт, мэдээлэл өгөх ёстой. Асуудлын ярихдаа зөвхөн өнөөдрөөр яриад байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдал нь юу юм. Энийг бид өнөөдөр яаж шийдвэрлэх юм. Ирээдүйд үнэ өртөг тариф эргэж буурах боломж зах зээлийн зарчмаар яаж үүсэх юм гэдгийг харж, алсын хараатай ярих нь зөв. Зөвхөн өнөөдөр үнэ нэмэгдэх гэж байгаа. Нэмэгдээд бүх юм зогсох гэж байгаа юм шиг ойлголтыг иргэдэд өгч болохгүй. Цахилгаан, дулаан хангамжийн дутагдлыг нөхөх эхний алхам нь энэ. Ирээдүйд дулаан, цахилгаан нөхөгдсөний дараа ямар болохыг бодитой тайлбарлаж ярих нь зүйтээ. Гэхдээ эдгээр асуудал шийдэгдэхдээ парламентын түвшинд, улс төрийн намын бүлгүүд хоорондын зөвшилцлийн үндсэн дээр эцэслэн шийдвэрлэгдэнэ гэдгийг хэлэх нь зүй байх.
Comments