Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар өнөөдөр НЗДТ-аас мэдээлсэн. Хэвлэлийн хурлын дараа Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Энэхүү хязгаарлалттай холбоотой нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх үү, мөн автобусны үйлчилгээнд өөрчлөлт орох уу? -Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор аль чиглэлд хэдий хэрийн ачаалал үүсэхийг тооцоолоод зохицуулалт хийгээд явах боломжтой. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна "car sharing" үйлчилгээг нэвтрүүлэхийг зөвлөж байна. Нэг байгууллагын нэг зүгт гэртэй хүмүүс машиндаа хамт зорчих энэхүү үйлчилгээг дэлхийн олон улсад нэвтрүүлсэн байдаг. Улаанбаатар хотын иргэд энэ соёлд суралцахад илүүдэхгүй болов уу. Орон нутгаас 100 мянга орчим тээврийн хэрэгсэл богино хугацаанд орж ирдэг учир түр хугацаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэдгийг тодотгоё.
-Энэ онд шинээр нэмэгдсэн тээврийн хэрэгслийн тоо мэдээллийг өгнө үү? -2022 он гарснаас хойш 58 мянган тээврийн хэрэгсэл нэмж Монгол Улсад бүртгэгдсэн. Үүний 30 гаруй мянган тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна. Жид тутамд 70-80 мянган тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод бүртгэж, улсын дугаар олгодог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1.3 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 640 орчим мянга нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 100 орчим мянга нь ямар нэг шалтгаанаар хөдөлгөөнд оролцдоггүй гэж үзвэл үндсэндээ хагас сая тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна.
Автомашины тоо нэмэгдэхийн хэрээр замын хүрэлцээ дутмаг болдог. Энэ жилийн хувьд шинээр зам тавих, зам засах ажлууд харьцангуй эрт эхэлж, эрт дууссан. Наймдугаар сарын 25-аас хойш хаалттай зам бараг байхгүй. Өнгөрсөн жил Зайсангийн чиглэлийн замд л гэхэд дулааны шугамын засвар орсон байснаас замын ачаалал өндөр байсан. Энэ ачаалал үүсгэхээр засварын ажил байхгүй гэсэн юм.
Comments