Их Британийн шинэ ерөнхий сайдыг сонгох эхний шатны санал хураалт Мягмар гаригт болсон. Санал хураалтыг 137 саналаар Риши Сунак тэргүүлсэн бол Лиз Трасс 113 саналаар удаалав. Харин гуравдугаарт Пенни Мордаунт 105 саналаар оржээ. Тиймээс эцсийн санал хураалтад Риши Сунак, Лиз Трасс нар нүүр тулахаар болж байна.
Ялагчийг Консерватив намын гишүүдийн санал хураалтаар тодруулах юм. Консерватив намын 160 мянга орчим гишүүн наймдугаар сарын эхнээс есдүгээр сарын 2-ны хооронд санал хураалтад оролцоно. Санал хураалтыг шуудангаар юм уу цахимаар явуулах аж. Ялагчийг есдүгээр сарын 5-нд зарлана.
Борис Жонсоны эсрэг засгийн газрын бослогод гар бие оролцсон Риши Сунак кампанит ажлынхаа үеэр Лиз Трасстай эдийн засгийн бодлогын асуудлаар удаа дараа зөрчилдсөн.
Хэрвээ Лиз Трасс засгийн эрхэнд гарвал 38 тэрбум фунт стерлингийн татварын хөнгөлөлт үзүүлэхээ амласан. Сунак өнгөрсөн гуравдугаар сард 2023 оны дөрөвдүгээр сараас эхлэн корпорацийн татварыг нэмнэ гэж хэлсэн. Харин Лиз Трасс энэхүү нэмэгдлийг цуцлана гэдгээ амлажээ. Риши Сунак цар тахлын дараа улс орны санхүүг дэмжихийн тулд татварын нэмэгдэл шаардлагатай гээд Лиз Трассын амлалтыг няцаасан.
Судалгаанаас үзэхэд, Риши Сунак парламентын санал хураалтад тэргүүлсэн ч гишүүдийн дунд давуу байдлаа хадгалахын төлөө тэмцэж магадгүй төлөвтэй байна. Нийт 725 гишүүн судалгаанд оролцсон бөгөөд Сунакийг Мордаунт, Трасс хоёрын хэн нэгэнд ялагдана гэж үзжээ.
Лиз Трасс, Риши Сунак нар ирэх Даваа гаригт “BBC One” телелизийн шууд мэтгэлцээнээр уулзана. “Sky news”-ийн мэтгэлцээн энэ долоо хоногийн эхээр товлогдсон байсан ч тэд татгалзсан аж.
Comments