Инфляц 6 сарын сүүлээр 16 хувьд хүрлээ. Өнөөгийн өндөр инфляцад чухам юу нөлөөлж байна вэ?
Өнөөдөр инфляц дэлхий нийтийн асуудал, төв банкуудын хувьд сорилт болоод байгаа. Америк, Европын орнуудад инфляц 9 орчим хувьд хүрч сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. Удахгүй 2 оронтой тоогоор илэрхийлэгдэх төсөөлөл, тооцоолол хийгдэж байна. Түүнд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь ч ижил юм. Цар тахлын давалгаа хүчтэй байсан 2021 оны хувьд тээвэр логистикийн гацаа, бараа бүтээгдэхүүний нөөцийн хомсдол, зардлын өсөлттэй холбоотой үнийн өсөлт зонхилж байсан бол энэ оны 2 дугаар сараас хойш геополитикийн эрсдэлүүд, тэр дундаа Украин улсад үүсээд буй нөхцөл байдал, түүнтэй холбоотой барууны орнуудаас ОХУ-д тавьсан эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээний үр дагаварт шатахуун, эрчим хүч, хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ дэлхий нийтээр хурдтай өсөж байна. Дэлхий нийтийг хамарсан импортын барааны үнийн өсөлт манай улсыг тойроогүй, бүр ч илүүгээр нөлөөлж байна. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 оны 6 дугаар сард улсын хэмжээнд жилийн инфляц 16.1 хувь гарсны 57.1 хувь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалаад байна. Тухайлбал, манай улс 100 хувь импортоор авдаг шатахууны үнийн өсөлтийн нөлөө 3 орчим нэгж хувийг, импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөө 2.5 орчим нэгж хувийг, үлдсэн 3.7 нэгж хувийг импортын барааны үнийн өсөлт дангаар бүрдүүлж байна. Энэ нь биднээс үл хамаарсан гадаад шокын нөлөөгөөр инфляц өдөөгдөж буйг харуулж байна. Дотоодын барааны хувьд, махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 4 нэгж хувийг, үйлчилгээний үнийн өсөлт 2 нэгж хувийг, дотоодын бусад барааны хувьд 1 нэгж хувийг бүрдүүлсэн дүр зурагтай байна. Өөрөөр хэлбэл, импортын орц, шатахууны үнийн өсөлтийн нөлөөгөөр дотоодын хүнс, тэр дундаа хүнсний ногоо, төрөл бүрийн өөх тос, талх, гурил болон сүү, сүүн бүтээгдэхүүний бүлгийн үнийн өсөлт өндөр байна.
- Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал гэж их тайлбарладаг. Инфляцын өрнөлтэй мөнгөний бодлогоор хэрхэн тэмцэж байна вэ?
Макро эдийн засгийн талаасаа инфляцыг анх нийлүүлэлтийн, импортын шалтгаантай хүчин зүйлс өдөөж, улмаар инфляцын “хоёр дахь үеийн нөлөө”-гөөр бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цааш үргэлжлэн өсөх хандлага ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл, анх цөөн нэр төрлийн импортын барааны үнэ хүчтэй өсөж, улмаар дотоодын бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн үнийн өсөлтөд шилжих үзэгдэл ажиглагдаж эхэлж байна. Эдийн засгийн өсөлт эмзэг, салбаруудад идэвхжил жигд бус, хөдөлмөрийн зах зээл буюу ажил эрхлэлт, өрхийн хэрэглээ цар тахлын өмнөх түвшнээс давж сэргээгүй хэвээр байгаа ийм үед эдийн засагт бизнесийн мөчлөгийг харуулдаг үйлдвэрлэлийн зөрүү уул уурхай болон уул уурхайн бус салбарын аль алины хувьд сөрөг түвшинд байсаар байгаа. Энэ нь эрэлтийн инфляцын дарамт одоо ч харьцангуй бага байгааг илтгэж байна. Харин хэрэглээ, хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн өсөлт эргэн сэргэхийн хэрээр инфляц эрэлтээр өдөөгдөх буюу “хоёрдахь үеийн нөлөө”-гөөр эрчимжих эрсдэлтэй байдаг.
Харин манайд арай өөр дүр зурагтай байгаа учир инфляцын хүлээлт эрчимжихээс сэргийлэх, инфляцыг эрэлтийн өсөлтөөр нэмж өдөөхгүй байх, төгрөгийн харьцангуй өгөөжийг өсгөх зорилгоор мөнгөний бодлогыг чангаруулах алхмыг өнгөрсөн оны намраас хойш шат дараатай алгуур авч хэрэгжүүлж байна. Цар тахлын зарим үеүүдэд 2-3 улирал дараалан агшиж байсан эдийн засгийн сэргэлтийг дэмжих, хадгалах үүднээс мөнгөний бодлогыг алгуур чангаруулах бодлогыг баримталж ирлээ.
Тухайлбал, Монголбанк цар тахлын үед банкуудад мөрдүүлж байсан хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2022 оны 4 сарын 1-ний хооронд үе шаттайгаар хэвийн горимд шилжүүлэх арга хэмжээг авч эхэлсэн. Үр дүнд нь банкны зээл олголт сэргэж, тогтвортой үргэлжилж байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 12 дугаар сарын хурлаас төв банкнаас банкуудад олгодог урт хугацаат репо санхүүжилтийн хүүг ‘бодлогын хүү+0.5 хувь’ байхаар өсгөн тогтоосны дээр долларжилтын эрсдэлээс, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 18 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Түүнчлэн, 2022 оны 1 дүгээр сард ээлжит бусаар хуралдаж мөнгөний бодлогын төлөвийг бодлогын хүү болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувиар дамжуулан үргэлжлүүлэн чангаруулсан. Тухайлбал, бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх, төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
2022 оны 3 болон 6 дугаар сарын Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар инфляцын хүлээлт өсөх, төлбөрийн тэнцэлийн алдагдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад суурь хүү илүү хурдтай өсөх нөхцөлийг харгалзан бодлогын хүүг харгалзан 2.5 болон 1 нэгж хувиар нэмэгдүүлж 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргаад байна. Нэг удаагийн алхмаар 2.5 нэгж хувиар огцом нэмэгдүүлж байгаа нь зах зээлд дохио өгөх болон үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой. Ерөнхийдөө цаашдаа өсөх хандлагатай байсан инфляц болон ханш дээр өсөлт нь саарч тогтворжилт бий болсон гэж харж байна. Мөнгөний бодлогын арга хэмжээний үр дүнгүүд тэр дороо биш тодорхой хугацааны дараа гардаг учир дунд хугацаанд инфляц хэвийн байдалд орж, зорилтот түвшинд тогтворжих боломжтой.
댓글